Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 25-нд Алтайн салбар уулсаар 13-15 м/с, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 15:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 15:20 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 12:20 цагт очиж, иргэн Т-гийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 8 дугаар багийн задгайд иргэн О-гийн эзэмшлийн “Портер” загварын ачааны автомашин дээр ачиж явсан мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 12:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 12:38 цагт очиж, ачиж явсан мотоцикл шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Дэлийн-Өвөр” гэдэг газар өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 16:31 цагт очиж, иргэн П-гийн эзэмшлийн “Бонго” загварын ачааны автомашинтай 0.7 тонн өвс /40 ширхэг боодол/ шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Ногоочдын хэсгийн задгайд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 17:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 17:12 цагт очиж, иргэн Б-гийн гражийн дээврийн хэсэг болон хашаанд байсан 8 тонн өвс шатаж байсныг 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 16:28 цагт хүлээн авч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 16:33 цагт очиж, иргэн Ч-гийн 5х6 метрийн хэмжээтэй гражийн таазны хэсэг, иргэн О-гийн эзэмшлийн “Аксент” загварын суудлын автомашин шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 22:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 22:54 цагт очиж, иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн зуслангийн 1-ийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.21-ний өдрийн 23:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 23:51 цагт очиж, иргэн Э-гийн 10х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхар, дээврийн хэсэг шатаж байсныг задаргаа хийж 4 цаг ажиллаж унтраасан. Нэмэлт дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 9 алба хаагч, 3 автомашинтай 12 км замыг туулан 00:03 цагт очиж, 3 цаг 20 минут ажилласан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэр: Завхан аймгийн Идэр сумын Мануустай багийн “Ямаатын хэц” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 110 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн 40 хүн, 6 автомашин, 3 мотоцикл, 3 морьтой ажиллаж, мөн өдрийн 18:45 цагт түймрийг цурманд оруулсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 12 алба хаагч, Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 12 алба хаагч, нийт 24 алба хаагч, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 21:45 цагт түймрийн голомтод очиж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Талын булаг багийн “Цоржин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 09.21-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай 17:55 цагт очиж, 19:50 цагт түймрийг цурманд оруулж, 22:15 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар 2800 га талбай шатсан.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн “Алаг-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 6 км-т, У-46018’00’’, Ө-106070’00’’/ 09.21-ний өдрийн 10:41 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГСХ-ээс мөн өдрийн 11:05 цагт мэдээлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дуламсүрэн, Алаг-Өндөр багийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, одоогоор учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.     

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ 09.18-ны өдөр “Алтай таван богд” ууланд авиралт хийгээд 09.20-ны өдөр буцаж ирэх байсан боловч одоогоор ирээгүй байгаа тухай мэдээллийг аялал жуулчлалын “Алтай тоур” ХХК-ийн ажилтан К 09.21-ний өдрийн 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 9 алба хаагч, 1 автомашинтай 09.22-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top