Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цага агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 21-23 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи 23-нд зарим газраар, 24-нд Алтайн уулсаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумцэ Ноёнбагийн “Цагаан хаалга” гэдэг газар иргэн Б-ийн эзэмшлийн “Потон” загварын ачааны автомашины ачаа шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 12:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 12:12 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замын уулзвар орчимд автозамын зорчих хэсэгт иргэн Б-ын “Тоёота кроун” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.21-ний өдрийн 21:14 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 21:18 цагт очиж, 05 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн “Нарангийн энгэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 5км-т/ иргэн Р-ын улсын дугааргүй, мустанг загварын мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 08.22-ны өдрийн 01:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 01:22 цагт очиж, 3 минут ажиллаж унтраасан.

3. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан багийн “Улаан цутгалан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 154 км, сумын төвөөс хойд зүгт 27 км-т/ тус аймгийн Арвайхээр сумын Рашаант багийн 8 дугаар гудамжинд оршин суугч иргэн Б /18 настай, эрэгтэй/ 8 метр хадан хясаанаас зураг авахуулах гэж байгаад унаж зүүн хөлийн шилбэний ясаа хугалсан тухай мэдээллийг 08.21-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус сумын эрүүл мэндийн төвийн 2 эмч, 1 ажилтан, 1 автомашинтайгаар тээвэрлэн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 08.22-ны өдрийн 03:30 цагт шилжүүлэн хэвтүүлсэн.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат багийн “Асар” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 15км-т/ 08.19-ний өдрийн 19.00 цагийн орчим борооны өмнөх түр зуурын салхинд иргэн Ч-ийн 5 ханатай гэр дахин барьж засварлах боломжгүйгээр нурсан тухай мэдээллийг 08.21-ний өдрийн 19:05 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top