Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо орж, Дундговь аймагт шороон шуурга шуурсан

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.  Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон,Туул, Тэрэлж, Хэрлэн Онон голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 25-30 градус,  бусад нутгаар 19-24 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун  хойноос 6-11 м/с, зарим үед 13-15 м/с хүрч ширүүснэ.  15-17 градус дулаан байна. 

Төлөв байдал: 5, 6-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи 5, 6-нд нутгийн зарим газраар, 7, 8-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр, 7- ноос ихэнх нутгаар хална.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 11 дүгээр гудамжны задгайд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.03-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 14:32 цагт очиж, иргэн А-гийн эзэмшлийн задаргаанд орсон “Соната-4” загварын автомашины кузов шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд хүнсний дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 06.04-ний өдрийн 02:18 цагт хүлээн авч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 02:25 цагт очиж, 8 нэрийн хүнсний дэлгүүрийн эд хогшил, бараа шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны харьяат иргэн Э /59 настай, эмэгтэй/, иргэн Г /43 настай, эмэгтэй/ нар угаартаж ухаан алдсан байсныг аварч, нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.

3.Үйлдвэрлэлийн осол:

Бичил уурхайн осол: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Урт булгийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т, Дархан сумын төвөөс зүүн урд зүгт 100 км / “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол- Уул уурхай” ХХК-ийн ажилтан Дархан-Уул аймгийн харьяат иргэн Б /29 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан “Хово 371” загварын өөрөө буулгагч /60 тонн/ автомашин уурхайн ухаш руу унаж, осолдсон тухай дуудлагыг 05.23-ны өдрийн 23:26 цагт хүлээн авсан. ОБЕГ-ын 2 алба хаагч, ҮАБ-ын 3 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, МХГ-ын 1 ажилтан, Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын 1 албан хаагч, Дархан-Уул аймгийн Шарынгол сум дахь “Шарын гол” ХК-ийн 11 ажилтан, “Шарын гол-Уул уурхай” ХХК-ийн 62 ажилтан, 11 хүнд даацын техник, “Их мэлмий” хамгаалалтын албаны 9 ажилтан, 2 автомашин, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан, 1 автомашин, нийт 119 хүн, 14 хүнд даацын техник, 22 автомашин, 2 завьтайгаар ажиллаж байна. 06.03-ны өдрийн 23:00 цагийн байдлаар 11 аврагч, 20 метрийн радиус /6 метрийн гүнд/-т нийт 4 удаагийн шумбалт хийсэн. 1250 м3 ус татах хүчин чадалтай насос 1, 600 м3 хүчин чадалтай насос 1, 400 м3 ус татах хүчин чадалтай насос 3, 250 м3 хүчин чадалтай насос 1, 150 м3 хүчин чадалтай насос 1, 75 м3 хүчин чадалтай насос 1, нийт 8 насосоор 17896 м3 /нийт 250405 м3/ усыг гадагшлуулж, нуурын усны түвшин нийт 10.5 метрээр буурсан. Одоогоор усны түвшин дунджаар 6.1 метрийн гүнтэй байна. 320 м3 хайрга тээвэрлэн 520 м2 талбайд зам зассан бөгөөд тухайн газар оронд ширүүн бороо орсны улмаас мөн өдрийн 16:00 цагт ажиллагааг түр зогсоосон. Мөн 06.03-ны өдөр “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан 1250 м3 ус соруулах хүчин чадалтай 1, 600 м3 ус соруулах хүчин чадалтай 1 насостой хүч нэмэгдүүлэн ажиллахаар ирж, тухайн 2 насосыг угсарч суурилуулах, холболтын ажлыг хийж байна. Ослын голомт дахь “Хараа-1” холбооны хөдөлгөөнт зангилгаа болон “Хараа”, “Ерөө” холбооны суурин зангилгаатай 12:03, 14:05 цагуудад богино долгионы радио холбоогоор, 16:16, 18:00, 20:05, 21:42 цагуудад утсан холбоогоор холбогдож мэдээ, мэдээлэл солилцож ажилласан. 06.04-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд  багийн “Үйзэнгийн шанд” гэдэг газар /сумын төвөөс баруун  зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин Н /19 настай, эрэгтэй/ 06.03-ны өдрийн 06:00 цагт гэрээсээ гараад /согтуу, явганаар явсан/ сураггүй болсон тухай дуудлагыг 06.03-ны өдрийн 21:40 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын 12 албан хаагч, 1 автомашинтайгаар 06.03-ны өдрийн 23:45 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top